Monday, May 24, 2010

Оросын флотын байрлах хугацааг сунгажээ

Хар тэнгис дэх Украины бүс нутагт Оросын флот байрлах хугацааг сунгасны хариуд Украинд нийлүүлэх байгалийн хийн төлбөрт ихээхэн хөнгөлөлт үзүүлэхийг Оросын төрийн тэргүүн зөвшөөрсөн байна. Украины Ерөнхийлөгч Виктор Янукович, Оросын Ерөнхийлөгч Дмитрий Медведев нар Украины Харкив хотод уулзан байгалийн хий нийлүүлэх үнэ хөлсийн тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ....


Хэлэлцээрийн дагуу, байгалийн хийн үнэ 330 доллароос дээш бол Украины тал 1000 куб метр байгалийн хийн төлбөр тутамд 100 долларын хөнгөлөлт авахаар болжээ. Харин 330 доллароос бага байвал 30 хувийн хөнгөлөлт авахаар тохиролцжээ. Энэ хөнгөлөлтийн хариуд, Украины Крымын хойгт байрлах Оросын Хар тэнгисийн флотын түрээсийн хугацааг 25 жилээр сунгах юм. Түүнчлэн шинэ түрээсийн хугацаа дууссаны дараа дахин таван жилээр сунгах сонголт хавсаргажээ.

Украины хуучин Ерөнхийлөгч Виктор Ющенко Оросын флотыг түрээсийн хугацаа нь 2017 онд дууссаны дараа нутгаасаа гаргах хүсэлтэй байсан юм. Байгалийн хийн талаар байгуулсан энэ хэлэлцээр хоёр улсын харилцаа бэхжиж байгааг харуулсан ажил болжээ. Гэвч Оросын флотын түрээсийн хугацааг сунгах тохиролцоог Украины сөрөг хүчин шүүмжилдэг юм.

Украины хуучин Ерөнхий сайд, сөрөг хүчний гол удирдагч Юлия Тимошенко үүнийг ихээхэн эсэргүүцэж, Янукович эх орноосоо урван тэрсэллээ гэж буруушаасан байна. Оросын тэнгисийн цэргийн хүчнийг бүс нутагтаа байрлуулснаар Украины аюулгүй байдлыг хамгаалах давуу талтай гэж Янукович байр сууриа илэрхийлжээ.

No comments:

Post a Comment