Хүн төрөлхтөн 6,5 тэрбум болж өсөн үржсэнээр бидний оршин суугаа эх дэлхий маань мөн урьд хожид хэзээ ч байгаагүйгээр бохирдож, байгаль дэлхий унаган төрхөө алдаж, өөрийгөө цэвэрлэх бүтэц /экосистем/ нь туйлдах болсон билээ. Өнөөдөр бидний хүрээлэн байгаа байгаль орчны гамшиг болсон хорт хийгээс илүүтэй дундаж амьдралтай жирийн хүмүүсийн өдөр тутам хэрэглэдэг энгийн зүйлс хүртэл байгаль орчныг сүйтгэх болжээ. Хүмүүсийн тэр бүр анзаардаггүй ч хүний хэрэгцээ, шаардлагыг хангадаг олон зүйлээс дэлхийг хамгийн их сүйтгэж буй долоон зүйлийг эрдэмтэд онцлон тэмдэглэж байна.
Интернэт
“Google”-ийн хайлт бүрийн цаана, “ESPN”-ий тоглолтын оноо солих бүрт, компьютерийн цахилгаан үүсгүүрийг залгах тоолонд байгаль орчны бохирдол нэмэгддэг байна. Харвардын их сургуулийн физикч Апекс Висснер-Гроссын тооцоогоор “Google”-ээс хоёр мэдээлэл хайх хугацаанд тухайн компьютерээс данх ус буцалгах эсвэл аяга цай чанахтай дүйцэх хэмжээний нүүрстөрөгчийн хий ялгардаг байна. Цахим сүлжээний бизнес эрхлэгч “Google” зэрэг компаниуд уг тооцоог үгүйсгэсэн ч интернэт хэрэглэгчид их хэмжээний эрчим хүч хэрэглэдэг гэдэгтэй маргах аргагүй юм. Дэлхийн мэдээллийн технологийн үйлдвэрлэл дэлхийн агаарын үйлчилгээ эрхэлдэг бүх байгууллагын ялгаруулдаг хорт хийгээс ч их хүлэмжийн хий буюу дэлхийн агаар мандал дахь нүүрстөрөгчийн хийн хоёр орчим хувийг ялгаруулдаг байна.
Бетон
Бетон үйлдвэрлэгчдийн гол түүхий эд нүүрстөрөгч бөгөөд энэ нь агаар мандлыг хамгийн их бохирдуулагч төдийгүй дулаарлыг өдөөгч гол хүчин зүйлийн нэг болдог байна. Мэргэжилтнүүдийн онцолж байгаагаар бетоны хамгийн сөрөг тал нь борооны усыг хөрсөнд шингээдэггүйд оршдог. Газар нь битүү хучлагатай хотод борооны ус нь суваг шуудуу хавьд бохир устай нийлж, орчноо түүний дотроос агаарыг бохирдуулдаг гол шалтгаан болж байгаа юм.
Био түлш
Түүхий түлшийг орлоно хэмээн бүтээгдсэн ч био түлш бидний уламжлалт түлш шатахуунаас дутахааргүй байгаль орчинд халтай болохыг судлаачид саяхан тогтоожээ. Эрдэнэ шиш, чихрийн нишингэ зэргийг тарих нь тариалангийн талбай болон ой модыг сүйтгэж, фермерүүдийн амьдрал ахуйг хүндрүүлдэг эсэхийг эрдэмтэд 2008 онд анх судалсан нь ийм дүгнэлт гаргахад хүргэжээ. Иймд био түлшний үйлдвэрлэлийг тэлэхгүй байх талаар мэргэжилтнүүд санал бодлоо солилцох болжээ.
Зай цэнэглэгч
Цахилгаан бүтээгдэхүүний чанар сайжирч, нас нь уртассанаар зай, цэнэглэгчийн үйлдвэрлэл багассан ч өнөөгийн зах зээлд борлогддог бараг бүх зай, цэнэглэгч хорт бодис агуулсан хэвээр байна. Зүй бусаар хаясан зай хөрс, агаарыг бохирдуулдгаас гадна тэсэрч дэлбэрвэл хорт хийнд нь хүн амиа алдах ч аюултай юм.
Нийтийн цэцэрлэгт хүрээлэн
Цэцэрлэгт хүрээлэн нь байгаль орчныг хөнөөгч гэвэл та итгэх үү? Тиймээ, хот суурин газрын төв дэх цэцэрлэгт хүрээлэн эх дэлхийг ногоон хэвээр нь хадгалахыг хүсэгчдийн хувьд хамгийн таатай газрын нэг ч судлаачдын тогтоосноор их талбай эзэлсэн өвс ургамлыг мөнхийн ногоон байлгахад хэтэрхий их ус, арчилгаа, бордоо шаардагдаж буй нь эргээд байгаль орчинд нэн халтай гэж үзэж байгаа. Эрдэмтэд үүнийг нарийвчлан судалж үзсэний эцэст нийтийн цэцэрлэгт хүрээлэн зохиомлоор байгуулах нь дулаарлыг хурдасгагч гол хүчин зүйлийн нэг болдог гэсэн дүгнэлт гаргажээ.
Гар утас
Бусад цахилгаан бүтээгдэхүүний адил байгалийн гаралтай тун цөөн зүйлийн оролцоотойгоор хийгддэг гар утас бүтээгдэх болон хаягдах үедээ байгаль орчныг жирийн үеийнхээс хоёр дахин их бохирдуулдаг. Ихэнх rap утас колтан буюу колумбит-танталит хэмээх металл агуулдаг бөгөөд колтаны дийлэнх хэсгийг Конго улсын нутгаас олборлодог. НҮБ-ын тооцоогоор колтаны уурхайг хянадаг армийнхан болон зэвсэгт босогчид горрилагийн ховордсон зүйлийг олноор нь хөнөөсөн бөгөөд энгийн иргэдийн амьдрал ахуйг ч хүндрүүлжээ. Байгаль хамгаалагчдын анхааруулж байгаагаар гap утас хийхэд ашиглагддаг зай, хуванцар зэргээс колтан хэмээх металл нь хөрсийг хамгийн ихээр бохирдуулдаг халгаатай эд юм.
Тэжээвэр амьтад
Гэрийн тэжээвэр амьтан энэ жагсаалт дахь хамгийн сонирхолтой “сүйтгэгч” байдаг байна. Байгаль хамгаалагч, геологич Роберт Вейлийн 2009 онд хэвлүүлсэн “Нохой идэх цаг ирсэн үү” номонд онцолсноор тэжээвэр амьтад нь техник тоног төхөөрөмж болон автомашинаас дутахааргүй хүлэмжийн хийг ялгаруулдаг гэжээ. Тэжээвэр нохойн жилд зооглодог идшийг бэлтгэхэд хоёр хүний жилд бий болгодог хүлэмжийн хийнээс 1,4 дахин их хорт хий ялгаруулдаг. Гэхдээ зай, компьютер, цахилгаан станц зэргээс бага хэмжээтэй хорт бодис агуулж, байгаль орчныг бохирдуулдаг байна.
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment