Monday, May 24, 2010

Сайн ном үнэтэй бус мөнхөд хоцрогдохгүй хэрэглээ байх учиртай

Сүүлийн жилүүдэд номын дэлгүүрүүд олширч номын эрэлт хэрэгцээ өсч байгаа нь олзуурхууштай. Монголчууд эртнээсээ номыг эрхэмлэж, номоо нандигнан торгоороо баримтаглаж ирсэн уламжлал бий. “Ном бол ертөнцийг харах цонх” мөн гэж хэлсэн нь ч бас учиртай.....


1960, 1970-аад онынхон жилдээ гарсан бүх номыг уншчихдаг байсан гэдэг. Манай нэрт яруу найрагч М.Цэдэндорж “Би сайн биш шүү та минь. Миний номын шүүгээнд хүний сайн цугласан ” хэмээн нэгэнтээ хэлсэн байдаг. Номын үнэ цэнэ гэж энэ юм. Сайн ном үнэтэй байх бус мөнхөд хоцрогдохгүй хэрэглээ байдаг нь учиртай.

Үзэл суртал ноёрхсон өмнөх нийгэмд хэр баргийн хүн ном бичээд гаргачихаж чаддаггүй байсан бол өнөөдөр дуртай нь ном гаргадаг болжээ. Энэ бол дэндүү сайхан эрх чөлөө юм. Дэлхий дахинд 20 дугаар зууны сүүлчээс дурсамж, дурдатгалын ном элбэгшиж эхэлсэн. Энэ байдал манайд зонхилж байна. Роман, тууж уншихаасаа илүү бодит түүхэн үйл явдлын гэрч сургамжийг сонирхох нь илүүд нийцэх биз ээ. Гар утаснаасаа зурагт үзэх болсон мэдээллийн энэ эрин зуунд олон зуун хуудастай уран сайхны роман унших гэж цагийг барах хүн хэр олон байх бол оо. Монголчууд дэлхийн сонгодогуудын бүтээлийг уншсаар ирснээрээ давуу талтай.

Өнөөдөр манай нийслэлд хэдэн арван хэвлэлийн үйлдвэрүүд ажиллаж номын үер бууж эхлэв. Хэн дуртай хүн юугаа ч бичиж болно. Үүнд ямарч хянагч, редакторын шаардлага байхгүй. Нэг нэртэй хүнээр өмнөх үг хийлгээд л болоо.

Өнөөдөр Монголын утга зохиолд шүүмж судлал орхигдчихсон. 1980-аад онд манай улс хоёр зуугаадхан зохиолчтой болсон бол одоо 2000 шахам зохиолчтой болсон гэж хэлж болно. Уншигч сайн зохиолыг хүсэхээс олон зохиолчийг хүсэхгүй нь лавтай. Яруу найрагч, утга зохиолын онолч Г.Аюурзанаас өөр дуугарч байгаа хүн төдийлөн алга. Аливаа урлаг утга зохиол шүүмжлэлгүйгээр хөгжиж ирсэнгүй. Саяхан Г.Аюурзана нэгэн ярилцлагадаа “Боловсролгүй зохиолч гэж угаасаа Монголоос өөр газар байдаггүй болоод удаж байна. Зохиолч хүний боловсрол бол эхлээд маш их унших. Уншиж дадаад сайн номыг муугаас ялгаж цэгнэж сурах, тэгээд хэзээ ч муу зохиол бичихийг өөртөө зөвшөөрөхгүй түвшинд хүрэх явдал. Харин уншигч хүний боловсрол бол энэ насныхаа хайран цагийг аахар шаахар зүйлс уншин үрэхгүй, мунхрахгүй амьдрах чадвар юм” гэжээ.

Өнөөдөр бид юу уншихаа мэдэхгүй явна. Д.Нямсүрэн, Ж.Лхагва нараас илүү хэн хүнд уншуулчих зохиол төрүүлчихсэн зохиолч байгаа юм уу. Дэлхийн сонгодогуудыг уншиж үзээгүй хүн өөрийгөө яруу найрагч гэж цоллоод явж байгааг харахад “Авъяасгүй зохиолч доголон цэрэгтэй адил” гэсэн нэгэн суутны үг өөрийн эрхгүй бууна.

Жинхэнэ сайн уран бүтээлчид хаана ч адилхан, юмаа л хийдэг болохоос цээжээ дэлдэж явдаггүй. Бүтээлдээ санаа зовдог болохоос, нэр алдарт шунадаггүй. Хуурамч, арилжааны шагналууд хаа сайгүй болчихсон нь ойлгомжтой.

Зарим залуу шүлэгчид толгой холбодог уянгын бичлэгээс ангид байх гээд бичиж байгаа зүйл нь хүнд хүрэхээсээ илүү хүнийг жигшээхэд хүргэж байна. Г.Аюурзана “манай ахмад үеийн зохиолчид муу найруулгатай. Утгын маш их алдаатай бичдэг юм шүү дээ. Монголчууд өндөр боловсролтой байсан гээд байгаа 1970-1980-аад оны орчуулгын номуудыг эргээд уншаад үзээрэй. Гурван номын нэг нь асар муу хэл найруулгатай байгаа. Авууштай нь зөв бичих дүрмийн алдаа бараг харагддаггүй. Харин одоо бол энэ хоёр алдааг зэрэгцүүлсэн бохир номоор дэлгүүрийн лангуу дүүрчээ. Өнөөдөр муу хэл найруулгатай орчуулгын номын эзлэх хувь гэхэд таван номноос дөрөв нь шаардлага хангахааргүй байна” гэж ярьжээ.

Номын дэлгүүрүүдэд хэлний болоод амьдрах ухааны ном ихээхэн борлогдож байгаа. Дурсамж, хүүрнэл зохиолын ном илүү борлогдож байна. Дарга нарт, бөх, хурдан моринд зориулж шүлэг бичдэг болсон. Муу юм бичдэгээ хэзээ ч мэдэх чадваргүй хүн байна. Бас сайн юм хийчихсэн нэгнээ мэддэггүй хүн байна. Ном зарагдах нь зах зээлийн утгаараа амжилт юм. Харин чанарын хэмжигдэхүүнээрээ ялгарах учиртай.

Орчуулгын олон зохиол гарч ирлээ. Хэнийг унших вэ гэдэг асуулт гарч ирж байна. Зэргэлдээх В.Распутин. В.Шукшин, Ч.Айтматов нарыг мэдэхгүй. Монголоосоо С.Эрдэнэ, П.Лувсанцэрэн, Д.Нямсүрэн нарыг уншиж таниагүй хүн өнөөдөр хэнийг унших юм бэ. Сайн ном өдөртөө алга болдог бол лангуун дээр жилийн турш өрөөстэй үлддэг ном ямар байж таарах вэ. Бидний хойч үе ямар ном уншихаа мэдэхгүй явна. Муу бүтээл туурвиж хэн хүнийг унш гэж албадах аргагүй. Захын хэн нэгэн үл таних зохиолч гүйлгээгүй номоо “шахах” арга газар авсан. Дээрх нэрт яруу найрагч М.Цэдэндоржийн хэлснээр бидний номын шүүгээнд хүний сайн цугласан байх ёстой.

No comments:

Post a Comment