Монгол, Оросын “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Зөвлөлийн ээлжит хуралдааны өмнөхөн өчигдөр тус үйлдвэрийн түүхэнд нэгэн чухал үйл явдал боллоо. Энэ нь Баяжуулах фабрикийн Нунтаглан баяжуулах хэсгийн 3 дугаар секцийг хүлээн авах ёслолын ажиллагаа юм.....
Ёслолын ажиллагаанд тус үйлдвэрийн Ерөнхий захирал Ч.Ганзориг, Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч А.Ф. Фоменко, хамтарсан үйлдвэрийн Зөвлөлийн Оросын хэсгийн дарга А.В.Алешин болон бусад албаны хүн, “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлага, ажиллагсдын төлөөлөгчид оролцлоо. Ч.Ганзориг “Бид өнөөдөр жилдээ зургаан сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай, бүрэн шинэчлэгдсэн 3 дугаар секцийг ашиглалтад хүлээн авч байгаа нь манай үйлдвэр төдийгүй монголчуудын хувьд түүхэн үйл явдал юм.
“Эрдэнэт” үйлдвэрийн хүдэр дэх зэсийн агуулга сүүлийн жилүүдэд тогтмол буурч байгаа. Тиймээс бид зэсийн хэмжээг бууруулахгүйн тулд хүдэр боловсруулалтыг өсгөх шаардлагатай болж, үйлдвэрийг 2015 онд хөгжүүлэх концепцид шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх, өөрөөр хэлбэл хүдэр боловсруулалт болон металл авалтыг нэмэгдүүлэхээр тусгасан.
Уг концепцийн дагуу бид өнөөдөр 3 дугаар секцийг ийнхүү хүлээн авч байна. Энэхүү томоохон ажилд 20 орчим сая ам. долларын хөрөнгө оруулалт хийлээ. Орчин үеийн техникийн өндөр үзүүлэлттэй тоног төхөөрөмжийг суурилуулснаар гарах эдийн засгийн үр дүнг нь тооцон энэхүү секцийг сэтгэл өег хүлээн авч байгаадаа баяртай байна. Нөгөө талаас бид технологийн өндөр үзүүлэлттэй зэс, молибдений баяжмал үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг “Эрдэнэт” үйлдвэрийн гол ажлыг нугалж байдаг баяжуулагчиддаа хүлээлгэн өгч байгаа юм” гэлээ.
Гуравдугаар секцийг ОХУ-ын Санкт-Петербург хотын “РИВС” фирмийн зураг төсөл, тоног төхөөрөмжөөр хугацаанаас нь хоёр сар шахмын өмнө чанарын дээд түвшинд гүйцэтгэн хүлээлгэн өгч байгаа юм байна. Угсарч суурилуулах энэхүү нүсэр ажилд Баяжуулах фабрик, Засвар механикийн завод, Засвар угсралтын цех, “РСЦ” компани, Цахилгаан цех, Ерөнхий механик, Ерөнхий энергетик, Үйлдвэр техникийн хэлтсийн ажиллагсад, инженер техникийн ажилтнууд сэтгэл, гар нийлэн ажиллажээ.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч З.Ганбаатар “Бид энэхүү секцийг ашиглалтад оруулснаар хүдэр боловсруулалт 31 сая тоннд хүрэх боломжтой болж байна. Өнгөрсөн жил бид түүхэндээ хамгийн өндөр буюу 25.9 сая тонн хүдэр боловсруулсан. Үүнтэй харьцуулахад үр ашиг үлэмж нэмэгдэж байгаа нь тодорхой. Манай үйлдвэр ойрын 10 жил “толгой өвдөхгүй” боллоо.
Цаашид бид 4 дүгээр секцийг ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй байгаа” гэв.
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment