Monday, May 24, 2010

Өлгийгөөс Улаанбаатар хүртэл дөрвөн цаг давхих юмсан

Солонгост нийтийн тээврийнхэн нь яг л манай микрочид шиг уралдан,чиглэлээ зарлаж орилдог байсан гэдэг. Гэхдээ зуун жилийн өмнө. Тэд хоёр жилийн дотор энэ асуудлыг цэгцлэх зорилт тавьж хорин жилийн дараа амжилт олсон түүхтэй. Хангүг нөхдийн хувьд биднээс ялгаатай нь яг манайхтай төстэй хүнд нүсэр, Юрийн галавын үеийнх шиг нийтийн тээврийн үйлчилгээгээ цэгцэлж, энэ салбараа шинэчилж чадсан явдал юм. Нью-Йорк, Сөүл, Токио, Берлин гээд дэлхийн том хотуудын "цусны эргэлт" нь сайн дэд бүтэц, тэр дотроо нийтийн тээврийн үйлчилгээ болон ухаалаг, бодож шийдсэн авто замын сүлжээндээ байдаг. Өөрөөр хэлбэл, хотын амьдралын цохилох зүрх нь нийтийн тээвэр билээ.....


Бидний өмнөд хөрш хятадууд хурдны галт тэргэндээ суугаад Шанхайгаас Пудон онгоцны буудал хүртлээ 417 км/цагийн хурдтай "нисч", хэдхэн минутын дотор ажилдаа очиж байна. Харин "Нозоми" хэмээх Японы хурдны галт тэрэг өдөрт дунджаар 261.8 км/цаг хурдалдаг. Өлгийгөөс Улаанбаатар хүртэл энэ "Нозоми" ердөө дөрвөн цаг хүрэхгүй хугацаанд давхиад ирэх хэрэг. Одоо бол бид Өлгийгөөс нийслэл хүртэл гурав хоног өдөр, шөнөгүй давхиж махаа идэж ирдэг. Лондонд хоёр давхар автобус зорчдог. Дээд давхарт нь тамхичид суух зориулалттай юм билээ. Харин Энэтхэгт автобус нь үргэлж хаалгаа онгорхой явдаг ч 20 км/цагийн хурдтай тул зорчигчид замд нь үсэрч суугаад, харайж буугаад сурчихсан.

Бас эмэгтэйчүүд нь эхний эгнээндээ эрчүүд нь ар руу суух бичигдээгүй хуулийг ягштал баримтална. Солонгост 30-40 насны эрчүүд автобусны кондуктор хийдэг журамтай. ХХ зууны дундуур тэдний автобусанд бүсгүйчүүд кондуктор хийдэг байсан ч эмэгтэйчүүдэд тохирохгүй мэргэжил хэмээн хориглосныг эрчүүд нь ихэд эсэргүүцэн хүлээн авсан юм билээ. Токиогийн метрод хүмүүс яг л бага ангийн хүүхдүүд дарцгаа бариад жагсч буй мэт дугаарлаж зогсоод ордог нь бидэнд инээдтэй харагдана. Бас замаар ширхэг ч машин явахгүй байтал хүмүүс зөвхөн улаан гэрэлд уягдан зогссоор байдаг нь хачирхалтай.

Англичууд харин арай илүү сэргэлэн шүү, тэд гэрлэн дохионы товчлуурыг дараад ногоон гэрлээ асаагаад зам гарчих эрхтэй. Бас зөвхөн автобусны шугам гэж бий. Түүгээр зөвхөн автобус л явна. За тэгээд нийтийн тээврийн хэрэгсэлд сууж гэртээ дөхсөндөө баярласан гадаадынхан "Баярлалаа" хэмээн жолоочид заавал хэлнэ. Харин манайд бол хэл ам удаж, архи тамхи ханхалсан микроноосоо хүний гар хөл дээр гишгэлгүй кондукторт нь загнуулалгүй, осолд өртөлгүй буувал баярын сэтгэл төрдөг.

Нэгэн зуунд мөр зэрэгцэн амьдарч яваа хүн төрөлхтнөөсөө хааяа хэтэрхий хол байгаагаа ингэж мэдрэх нь харамсалтай. Замаа ч засаад тавьчихаж чадахгүй Монголоо метро, хурдны галт тэрэгтэй болгож зүүдлэх л хувьтай юм шиг. Там. болсон зам дээр дайнд яваа мэт хэдэн жил тарчлах юм бол. "Шинэ зууны Улаанбаатар" уриа дэвшүүлж НИТХ-д суудал авсан Т.Билэгт нийслэлийнхэнд метро барьж өгөхөөр амласныг нь энэ дашрамд сануулъя.

No comments:

Post a Comment